Мэдээ мэдээлэл

kant

Нурууны өвдөлт
Нурууны доод хэсгээр өвдөх нь биеийн илүүдэл жингээс, дунд хэсгийн өвдөлт нь нурууны цэх байдал алдагдсанаас харин хүзүү хэсгээр өвдөх нь ажлын ширээнд хөдөлгөөнгүй сууснаас шалтгаалсан байдаг.
Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг нь булчингийн хатингаршил үүсгэн, булчингийн уян сунамтгай чанарыг алдагдуулдаг. Хөдөлгөөн бага хийдэг хүн огцом хөдөлгөөн хийхэд булчин нь гэмтэх тохиолдол элбэг байдаг ба гэмтсэн булчин нь өвдөлтөндөө агшиж нуруу татах эмгэг үүсдэг байна.
Нурууны дээд хэсэг өвдөхөд авах арга хэмжээ

Ширээний ард удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс тогтмол ойр ойрхон мөрний дасгал хийж хүзүүний булчингийн цусан хангамжийг идэвхжүүлж байх хэрэгтэй. Халуун уур, массаж болон цусан хангамж идэвхжүүлдэг бүх төрлийн уламжлалт арга үр дүнтэй.

Нурууны дунд хэсэг өвдөхөд авах арга хэмжээ

Биеэ цэх байлгадаг зуршилтай болох хэрэгтэй. Толгойны байрлалыг толгойн оройноос уяагаар татаж байгаа мэт цэх байлгаж сурах хэрэгтэй. Гараа нурууныхаа ард барин хоёр мөрөө зөөлнөөр арагш нийлүүлэх гэж оролдох дасгал мөн үр дүнтэй. Энэ байрлалаа 5 секунд хадгалаад дараа нь суллаарай.

Нурууны доод хэсэг өвдөхөд авах арга хэмжээ

Эхлээд нуруугаараа хэвтэн, хөлөө нугалж цээжрүүгээ сайн шахаж өгнө. Энэ байрлалаа 5 секунд бариад суллана. Энэхүү дасгалыг боломжоороо олон удаа хийх тусам таны нурууны тэнхлэгийн гажилт цэх болж нугаламд үзүүлэх даралт багасна.

Булчингийн цочмог агшилт /спазм /

Нуруунд гэнэтийн хүчтэй өвдөлт өгснөөр нуруу хөдлөх чадваргүй болдог.

Өвчин намдаах арга хэмжээ: өөрт эвтэйхэн байрлалаар хэвтэх, үрэвслийн эсрэг тосон түрхлэг өвчин намдаагч хэрэглэн тайван байх хэрэгтэй. Булчингийн цочмог агшилт тавигдах үед зөөлөн хөдөлгөөн хийж эхэлнэ. Физик эмчилгээ, бариа засал эмчилгээ нь булчинг хүчжүүлэн, нурууны тэнхлэгийг зөв байрлалд ороход тусална.

Гэнэтийн огцом нурууны өвдөлт өгсөн үед юу хийх вэ?

Яаралтай эмчид хандах дохио: Үе мөч мэдээ алдах, бүх булчин суларч өтгөн шингэнээ барьж чадахгүй болвол яаралтай эмчид хандаарай.

Доод зах нь хоёр өдрийн турш хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэм сахих: Өвдөлтөөс  хөдөлж чадахгүй болсон бол хөдөлгөөнөө хязгаарлаж хэвтрийн дэглэм сахиарай. Үргэлжлүүлэн хөдлөөд байвал нэмж гэмтэл учирна. Өвчин намдаад эхлэхээр 20 минут орчим сууж болно.

 Нурууны өвдөлт багасч мөрөө эргүүлэх бололцоотой болж эхэлвэл хөдөлгөөнгүй хэвтэхийн оронд бага ч болов мөрний дасгал хийж байгаарай. Эдгэрэлтийг хөдөлгөөнөөр түргэсгэж болно.

Эрүүл нуруутай байх алтан дүрмүүд

Хүнд зүйлийг өргөхдөө маш аажим болгоомжтой өргөж бай: Хүнд зүйлийг өргөхдөө тонгойхгүйгээр өвдөг нугалан сууж нурууны булчин бус гар, хөлийн булчингийн оролцоотойгоор өргөдөг байх хэрэгтэй. Хүнд зүйл өргөхдөө гэдэсний булчинг чанга байлгана. Энэ байрлалаас хүнд зүйл өргөхөд хэцүү бол өргөлгүй орхиж байгаарай 

Хөдөлгөөнтэй бай : Ажлын цаг урт бол цаг тутамд сандалнаасаа босож булчинд хуримтлагдах сүүний хүчлийн хуримтлалаас сэргийлж хөдөлдөг байх хэрэгтэй.

Үе мөчөө тосол : Загасны тос, сүүлний тос мөн нэмэлт бүтээгдэхүүнүүд үенд тустай.

Биеэ цэх байлга: Бие цэх байхад биеийн жин нурууны дагуу жигд тардаг.

Нурууны булчингаа хөгжүүл: Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр таны нурууны булчингууд уян болж хөдөлгөөнд тань саад учруулахгүй болно.

Сунгалт: Хөнгөн хэлбэрийн сунгалтын дасгалуудыг тогтмол хийдэг байх хэрэгтэй. Хамгийн хялбар сунгалтын дасгал гэхэд доош бөхийж хөлийн хуруундаа хүрэх. Гэхдээ хэзээ ч хүчлэж болохгүй.

Инээмсэглэл: Сэтгэл гутрал болон нурууны өвдөлт нь бие биенээ дагалддаг. Сэтгэл санааны хямралтай хүмүүс нурууны архаг өвчлөлтэй байх нь илүү элбэг байдаг.

Илүүдэл жингээ хас: Хүнд жинтэй байх нь ихэвчлэн биеийн цэх байдал алдагдаж нурууны өвдөлт үүсгэх шалтгаануудын нэг болдог.

Гудсаа зөв сонгох: Хэт хатуу ч биш хэт зөөлөн ч биш байх ёстой. Бидний нуруу төрөлхийн хотгор гүдгэр байдаг тул хотгор хэсэгт тулгуур болдог гудастай болох хэрэгтэй.

Нурууны бариа засал хийлгэж байх: Бариа болон нөхөн сэргээх зориулалтын дасгалууд нугаламын үе холбоосуудыг чангалж өгдөг.

Оффисын сандлаа зөв сонго : Хамгийн тохиромжтой сандал нь од хэлбэрийн таван хөлтэй бөгөөд тогтвортой түшлэгтэй сандал юм.

Нурууны өвчний эрсдэлт хүчин зүйлүүд

Хүнд жинтэй цүнх :Хүн өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй ачааг л үүрч явах ёстой. Цүнхэндээ зөвхөн шаардлагатай зүйлийг авч яв. Боломжтой бол  2 мөрөндөө ээлжлэн үүрдэг богино оосортой цүнх хэрэглэж болох ба гадаад үзэмж хамаарахгүй бол үүргэвч ашигладаг болоорой.

Хавтгай ултай гутал, пүүз :Үргэлж өсгийгүй гутал өмсөхөд хөлийн өсгий тулгуургүй болж нуруунд муугаар нөлөөлдөг.

Тамхи таталт :Тамхи татсанаас нугаламын жийргэвчийн чийгшил багасч хуурайших, нурууны үеүүдэд цусан хангамж саатах, гэмтлийн эдгэрэлт хэт удаан болдог тул тамхи татдаг хүмүүс  нурууны архаг өвдөлт 2 дахин их байдаг.